Tuesday, January 16, 2007

Монголчуудад цагаан сар яагаад тийм чухал байдаг юм бэ?

(Өөртэйгээ адил олон Монгол залуучуудад зориулав.)

Манай ажлын газар нэг Япон залуу байдаг. Түүний өрөөнд орж түүнтэй болон хамт байдаг залуустай нь жаахан юм ярьж байтал тэр япон залуу нутагтаа буцаад 2 дугаар сарын дундуур Монголд буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлэхэд нь би түүнд чи яг Монголын цагаан сараар ирэх юм байна, ер чиний үндсэн ажил 2 дугаар сарын сүүлээр л эхэлнэ дээ гэлээ. Тэр өмнө нь Монголд 2 жил амьдарч байсан туршлагатай бөгөөд би монголын цагаан сард дургүй, хүмүүс ядуу байж ганцхан сарын дотор маш их иддэг, уудаг, бас ажил хийдэггүй, их үрэлгэн баяр гэж хэлэв. Эргэн тойронд байсан Монгол залуучууд тийм гэсэн байдалтай толгой дохиж байна, би ч мөн адил. Үүнтэй төстэй яриаг би олон Монгол хүмүүсээс сонсож байсан бөгөөд дийлэнх нь залуучууд байсан юм. Яг ийм юм яриад ээждээ загнуулж байснаа ч саналаа. Бодлоо. Бид цаашид ингэж үргэлжлүүлэн баярлаад байх уу эсвэл магадгүй Япончууд шиг шинэ жилтэйгээ нэгтгэн нийлүүлээд нэг баяр болгох юм уу? Ер нь бид нар яагаад Цагаан сарыг тэмдэглэж баярлаад байдаг юм бэ?

Бид баярлаж тэмдэглэж заншсан ч чухам ямар учиртайг нь мартчихсан байдаг юм байна.
1. Цагаан сар бидэнд түүх соёлыг минь эргэн сануулдаг. Ахмадууд маань махыг тэгж тавь, ингэж зүсэх ёстой, тэгж золго гэх зэргийг залууст хэлж сургадаг. Бид юу иддэг байсан юм, ямар хувцас өмсдөг байсан юм, яаж бие биедээ хүндлэл үзүүлдэг юм, юун тухай ярилцдаг юм, юуг цээрлэж хориглодог юм энэ бүгдийг эргэн санахад минь цагаан сар тусалдаг юм. Мөн биднийг ямар үндэстэн юм бэ гэдгийг хэлж өгдөг. Хятад болон азийн бусад орны сарны хуанлитай Монгол зурхайн хуанлиг адилтган нийлүүлэхгүй байгааг ч учиртай юм байна гэж ойлгодог.
2. Цагаан сар гэр бүлийнхнийг нэг дор уулзуулдаг. Тал тал тийш тарчихсан ах дүү нар, хамаатан саднууд цагаан сарын энэ өдөр л жилд нэг удаа уулзаж цугларч чадаж байна. Уулздагггүй юм аа гэхэд хэн хаана юу хийж яваа, яаж амьдарч байгааг бие биедээ дуулгаж ярилцдаг. Хүндэтгэл үзүүлэх гэж, золгох гэж ирсэн хүмүүс энэ ахмадаараа дамжуулан бид нэг гэр бүлийн хүмүүс юм байна гэдгээ мэдэж авдаг. Мөн энэ гэр бүлд ямар бэр, хүргэн, шинэ хүүхэд орж ирэв ээ гэдгийг мэдэж авдаг. Мөн хэн нь сайн яваа, хэн нь ядарч явааг мэдэж болно. Түүнчлэн хэн ямар шуу байгааг зочлуулахаар дагуулж ирсэн найз нөхдийнх нь байдал, ярианаас мэдэж болно.

3. Цагаан сар биднийг эвлэрүүлдэг, эв нэгдлийг бий болгодог. Цагаан сарын шинийн нэгэнд ямар нэг муу үйл хийх, уурлах уцаарлах, хэрэлдэх зодолдохыг тэвчдэг заншилтай. Энэ өдөр хоорондоо түнжин муутай ах дүүс, хамаатан садангууд бие биедээ хүндлэл үзүүлэн золгож амрыг эрэх нь тэднийг эвлэрүүлэхэд хүргэдэг. Цагаан сарыг хийх гэж ганцхан ахмадууд зүтгэдэггүй, хүүхдүүд нь дүү нар нь цагаан сарын бэлтгэлд зориулсан ямар нэгэн юмыг дааж (ууц, мах, бэлэг, сүү, бууз гэх мэт) авч өгдөг, хамтарч бэлтгэлцэж хийлцдэг.

4. Цагаан сар бол хүндэтгэл юм. Гэр бүлийн ахмад гишүүнд (аав, том ах) жилд нэг удаа бусад хүмүүс очиж хүндэтгэл үзүүлдэг. Золгохдоо тохойг нь түшиж хүндэтгэдэг. Ямар нэгэн юм, архи ч юм уу, мөнгө өгдөг, энэ нь уг ахмадаас ямар нэгэн юмыг хэзээ нэгэн цагт авсны (сургаал, тусламж) хариу эргэн төлөлт эсвэл зүгээр хүндэтгэл байж болно.

5. Цагаан сар бол амралт юм. Бүтэн жилжингээ ажиллаж, сурч байгаад хэдэн хоног аав ээж, ах дүү хамаатан садныхаараа зочилж хүндэтгэл үзүүлж хооллож ундлах нь юун муу гэж. Цагаан сар болж байна гэж их идлээ, уулаа л гэдэг, мөн их мөнгө зарцууллаа л гэдэг. Хэмжээ хэмжээндээ л хийхэд болоо ш дээ, тэгж ярьвал тэр зарцууллаа гээд байгаа мөнгө чинь зугаалж наргиж байхад чинь урсаж байдаг тэр л хэмжээний мөнгө байгаа. Хятадуудыг эх орноосоо хөөсөн өдрийг 3 өдөр тэмдэглэж баярлаж болдог юм бол эзэн Чингисийнхээ баярлаж тэмдэглэж байсан баярыг яагаад 3 өдөр тэмдэглэж баярлаж болохгүй гэж.

Ийм чухал баяр учраас бүх Монгол хүмүүс цагаан сардаа зориулан сайхан хувцас хунар бэлдэн, гэр орноо цэвэрлэн, угааж арчиж, мөнгө төгрөгөө нийлүүлэн цагаан сараа хийдэг байна.

Monday, January 8, 2007

Блогтой боллоо

За хөөрхий, нэг блогтой болсондоо их баяртай байна аа, одоо юу ч хамаагүй тархиндаа орсон эерэг, эсэргүү бүх зүйлийг оруулна аа